Хамгийн сайхан үг бол...

2011 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Bolormaa

Амьдрал чиний сэтгэлийн хэлээр ярьдаг

/ Пауло Коэльо /

Нэг өглөө ажилдаа ирлээ. Хамт ажилладаг найз бүсгүйгээ хачин гэгэлгэн байгааг нь анзаарчихаад шалгааж гарлаа.

- Чи нэг л юм хэлэх гээд байна даа?

- Тийм ээ, харин хэлэх үү? байх уу?

- Хэлчих л дээ, муу юм уу? сайн юм уу?

- Аль нь ч байж мэднэ

Энэ үг бүр ч хорхой хөдөлгөнө. Өөрөө л мэд гэж тунирхсанаар би найзыгаа яллаа.

- Би хүүхэдтэй болсон!

- Айн? Нээрээ юу?

- Битгий хүнд хэлээрэй

- Хүнд хэлэх яах вэ, тэгээд үнэн юм уу?

Бөөн эргэлзээ дундаас баяр хөөр сугарч би найз бүсгүйгээ тэврээд авлаа. Анхны хүүхэд нь болохоор бүр ч их баяр төрөөд тэврээд л, хацар дээр нь үнссэн чинь Энхмаа бүр гайхсан харцаар харсан.

Амьдрал ийм л сайхан гэж дуу алдмаар. Шинэ хүн бүрэлдэж байна шүү дээ, бүр хайраас ургаж өндийх нь шүү дээ. Зүрх догдлохгүй байж чадна гэж үү? Ямар гоё юм бэ? Би найман жилийн өмнө ээж болж байсан. Тэр мэдрэмжийг дахин нэг мэдрэх гээд хүлээгээд байгаа болохоор ч тэр үү, найз бүсгүйгээ хөл хүндтэй болсныг дуулаад өөрөө болчихсон юм шиг л их баярласан.

Нэг өдөр найз бүсгүй минь жаахан урвайчихсан суугаа харагдлаа.

- Чи минь, яагаа вэ? Бие нь зүгээр үү?

- Ойрд их сонин байна аа. Сэтгэл тогтохгүй эргэлзээд байна

- Юунд эргэлзээд байгаа юм бэ?

- Хүүхдээ гаргах цаг арай ч болоогүй юм болов уу ч гэж бодох шиг

- Юу гэсэн үг вэ! Хүүхэд чинь сонсоод гомдчихно шүү

- Мэдэхгүй байна аа, заримдаа ингэж янз бүрийн юм бодоод байх юм.

Би найзыгаа ойлгож байлаа. Бүхэл бүтэн дэлхий өөртөө бүрэлдүүлж яваа бүсгүй хүний сэтгэл зүрх дэндүү мэдрэмтгий гэдгийг би өөрөө сайн мэдэх юм чинь. Дэргэд нь байгаа эр хүний хайр, халамж, халуун дулаан үг маш их хэрэгтэй гэдгийг ч хэлүүлэлтгүй мэднээ.

Амьдралдаа сонсож явах юмсан гэж хүлээдэг сайхан үгнүүдээс хамгийн сайхан үг бол, БИД ХҮҮХЭДТЭЙ БОЛЖЭЭ! Энэ үгийг хэлэх, бас сонсох ямар сайхан гэж бодно оо!? Амьдрал үргэлжлэл болохоор БИД ХҮҮТЭЙ БОЛЖЭЭ, БИД ОХИНТОЙ БОЛЖЭЭ! гэдэг үг дэлхийн хаа нэгтээ цуурайтаж, хэлэх тоолонд хайр ундарч байгаа.

Тийм ээ! Хамгийн сайхан үгийг нэг нэгэндээ хэлж яваарай, хамгийн сайхан үгийг нэг нэгнээсээ сонсч амьдраарай хүмүүс ээ .

ХАЙРЫН УРГАМАЛ...

2011 оны 07-р сарын 19 Нийтэлсэн Bolormaa

Хотын баруун захад буйдхан орших нэгэн асрамжийн газар очихоор зорьсон газраа хүрлээ. Бэлэг авч үзмээр байгаа хүүхдүүдийн чин сэтгэлийг олж харсан сэтгүүлчийн үзэгний бэх хатаж амжаагүй байхад зөөлөн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэлийн бэлэг эдгээр хүүхдэд очих болсноор дахин асрамжийн газрын хаалгаар ороход хүргэсэн нь энэ.

Будаг нь халцарсан шал өмнөөс угтсан ч хөл хөнгөн хүүхдүүдийн шуугиан юм бодуулах чөлөө өгсөнгүй ээ. “Хэрвээ чи бусдын зовлонд хайхрамжгүй хандаж байгаа бол ХҮН хэмээх нэрийг даах эрхгүй” гэсэн мэргэн үг ханан дээр дурайна.

Цаашлан хэсэг явлаа. Эндхийн хүүхдүүд өөрсдийн зурсан зургаа ханандаа хадсан харагдана. Нэг зураг нүдэнд илүү содон туслаа. Тэр зурганд уул, мод, машин, хүүхэд зурсан байна. Хамгийн сонирхолтой нь газраар ургасан өвс ногоог зурахдаа бүгдийг нь хөзрийн дүрсээр бол бундангаар, хүний хэлээр бол зүрхээр зуржээ. Хөл гишгэх зайгүй бундан... бас зүрх...

Эндээс улбаалаад л сэтгэлд “Хайрын ургамал” гэсэн нэр үлдчихсэн юм. Хэдэн өдөр бодолд бундан өвс ургаад зүгээр суулгасангүй. Буруутгахын аргагүй тэр олон жаахан зүрхний өмнөөс хэнтэй ч юм ярилцмаар санагдаад байх юм.

Тормойтол харах нүд нь бэлэг хараад баярласан хэрнээ томоогүй зан нь хаашаа холдоо вэ гэмээр дэндүү дуугай хүүхдүүд хэлэх ярихаа хүртэл цэгнээд нэг л хэрсүү. Хэнийгээ дуурайсан юм бол гэж бодмоор. Аавыгаа юу, ээжийгээ юу, эсвэл ах, эгчийгээ юу?

Асуултанд хариулах аргагүй их олон амьдрал байдаг юм байна. Гэхдээ, хөрсөө үндэслүүлж ургадаг газрын ургамал шиг хүний сэтгэлийг хөндөөж хүй холбож бүрэлдсэн алаг үр хорвоод мэндлэхдээ элэг бүтэн өснө өө гэж уйлж төрдгийг та мэдэх үү? Тэнтэр тунтар гишгэлэн тэнцэж ядах унага шиг тэвэрт нь эрхлэх гэж нялх хүүхэд зүрх нь хайраар цохилдгийг мэдэх үү?

Асуултаар төгсгөмөөр байгаа ч, анхааруулах тэмдэг тавих хүсэл илүү төрөөд байна. Асрамжийн газар олж харсан бундан өвсийг хайр дүүрэн ургаасай гэж залбирмаар байна.

Тийм болохоор, Аав ээ! Ээж ээ! Намайг битгий орхиорой гэж нүд нь бүлтгэнэдэг жаахан үрсийн дүр зургийг амьдралдаа битгий зураарай! Дэргэд минь л байгаарай гэж зүрх нь цохилдог хэрсүүхэн хүүхдүүдийн дулаахан гарыг нь битгий тавиарай!

Маргааш наадам боллоо...

2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Bolormaa

Маргааш наадам боллоо... Энэ жилийн наадам түүхэн ойнууд давхцаад өргөн дэлгэр болох нь ээ! Наадам гэхээр л нутгаа зорьдог би маргааш нутгийн замд гарна. Сайхан байна шүү, наадам гэхээр л аав ээжийгээ санадаг, нутаг гэхээр л өр зөөлөн оргидог энэ зөн үнэхээр мөнх байх юм даа. Инээмсэглэхгүй байж, дурсахгүй байж чадахгүй нь ээ...

Хонон өнжин сумын наадмаа хүлээдэг нас минь хэдийнээ ард үлдсэн ч, дурсамж гэдэг мөнхийн зүйл жил болгоны наадмаар амилах юм. Ахынхаа ногоон Зил-130 машинаар сум орно оо гэдэг бидний хэдэн багачуудад маш том баяр. Наадамд зориулж шинэ хувцас аваад хэрэндээ онгироод л. Ах орхиод явчих вий гэж машиныг нь байн байн харуулддаг хүүхэд нас минь хөөрхөн байжээ.

Манайх гэдэг айл угийн олуулааг ч хэлэх үү, хамаатан саднаараа нийлбэл бараг л машин дүүрнэ гэсэн үг. Ах нар олонтой болохоор бөхийн тухай яриа тасрахгүй. Тэгээд ч наадамд ах нараа зодоглохоор өмнөөс нь сандраад л, уначихвал уйлах гээд, давбал онгирох гээд л.

Айл хотлоороо битгий хэл, сум багаараа наадам зорьдог нь мартахын аргагүй тод үлджээ. Хонины хишигтэйдээ гонсгорхон үлдэж байгаа ч, хуушуур ундаатай ирнэ гэж бодоод тайтгардаг айлын хүүгээ тэрүүхэн тэндээ өрөвдөж байснаа санаж байна. Наадмаас ирэхдээ гоё юм авчирна аа гэж итгэл дүүрэн хэлж байснаа ч гэсэн санаж байна. Машин дүүрэн хүнтэй хөдөлсөн тэр зуны наадмаар манай нутаг тэр чигтээ эзгүйрчихдэгсэн.

Дээлийн зах мушигсан аав уухай хашгиран өндийсөн наадам, дэлтэй морины хусуур гийнгоон дуунд өнгө орсон наадам, Дэмбээ багшийн хуушуур үнэд орсон наадам, дэлхий дүүрэн цэцэг нутагт минь дурласан наадам. Айлын аавууд айрганд хорхойссон наадам, айлын ээжүүд үйлэнд тодорсон наадам, ах эгч нар цуглаж уулзсан наадам, үеийн найз нар гоёлоо гайхуулсан наадам.

Маргааш наадам боллоо... Энэ жилийн наадам бороо хур зэрэгцээд зүлэг нь тодхон байх нь ээ! Үүрийн гэгээтэй уралдаад нутгаа би зорино. Сайхан байна шүү, аав ээждээ үнсүүлнэ гэж бодохоор яардаг, нутгаа харахаар самсаа шархирдаг энэ дотно мэдрэмж надад үргэлж төрдөг нь ямар их аз вэ? Инээмсэглэхгүй байж, бодохгүй байж чадахгүй нь ээ.

Өвөөгийн Жөгөө

2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн Bolormaa

Жөгөө гэхээр л хүний нэр гэж бодож байна уу? Андуурсан байна аа, энэ морины нэр л дээ. Халиун зүстэй, хөл, цавиндаа цагаантай энэ морийг би багаасаа мэднэ. Багадаа би энэ Жөгөө хүн байсан бол их царайлаг хүн байх байсан даа гэж боддог байж билээ. Манай адууны хамгийн өнгөтэй морь байсан болохоор л тэгж бодсон байх.

Өвөө л дандаа унадаг, заримдаа тэргэнд хөллөдөг, хонинд голдуу явдаг Жөгөө их номхон. Болоогүй ээ, их зантай Жөгөө өвөөгийн л үгэнд орно. Хүүхэд биднийг бол өөртөө ойртуулах ч үгүй. Тийм номхон морь хэрнээ хүүхэд ойртохоор хазах гэж дайрна. Гэхдээ би Жөгөөд хайртай. Өвөөгийн үгийг л сонсдог болохоор нь л Жөгөөд хайртай болсон ч байж мэднэ.

Нэг удаа би ахаасаа Жөгөөг яагаад наадамд сойдоггүй юм бэ? гэж асуулаа. Унага байхаас нь сургасан бол давхих л байсан байх. Одоо яаж уралдах вэ дээ гэж билээ. Би болохоор сумын наадамд Жөгөөг уралдаж байгаагаар төсөөлөөд. Яг л үлгэрт гардаг шиг нөгөө номхон Жөгөө дэлээ хийсгэсээр морьдын барианд ойртож байгаагаар хардаг байсан. Хэрвээ Жөгөө наадамд түрүүлбэл өвөө лав уйлах байсан даа гэж хүртэл бодоод л.

Хожим ахлах ангид орсон хойноо хөдөө ирээд Жөгөөг арай өөрөөр хардаг болсон. Өвөөтэй хамт нас нэмж байгаа Жөгөөг харахаар ухаарал төрөөд байдаг байж билээ. Энэ Жөгөө ер нь наадам үзэж байсан болов уу? Ах нар морьдоо уяхдаа энэ Жөгөөг аваад явахад яадаг байна аа? Морьд хурд зүүдэлж уяан дээрээ эргэцэхэд Жөгөө атаархдаг болов уу?...нэг бус удаа ингэж Жөгөөгийн өмнөөс бодож үзсээн.

Гэрийн ойр аргамжаатай, аргамжааг нь тавьсан ч хойд уулнаас холддоггүй Жөгөө одоо адуун сүрэгтээ байхгүй. Морь унахаараа Жөгөөг л дандаа барьж унадаг өвөө минь ч гэсэн гэртээ эзгүй. Наадам дөхөж байгаа энэ өдрүүдэд өвөө, Жөгөө хоёрыгоо хоёуланг нь санаж байна.

Жөгөө минь шуранхайн дуутай эгэл талдаа халиун зүстэй унага болж төрөөд наадамд хурдлах шандастай төрсөн байх гэж бодоод инээмсэглэлээ. Өвөө минь ухааны энтэй өвгөдийн нутагтаа аргалын утаатай айлд хүү болж мэндлээд ирэх байх гэж бодоод уужирлаа. Уртын дуутай, бөхийн дэвээтэй, хүүхдийн гийнгоотой, сурын уухайтай энэ жилийн наадмаар та хоёрынхоо тухай ярьж, элгэн саднаараа бахархах болно оо.

Намрын сэрүүн өглөө гэхэд маш гоё тунгалаг, дулаахан өглөө байлаа. Хийх ажлаа төлөвлөсөөр ажилдаа ирэх замдаа яагаад ч юм дандаа сайхан юм бодсоор ирлээ. Мэдээллийн ертөнцөд ажлаа хийдэг хүний нэг зан байдаг даа. Өнөөдөр юу болох бол? Хаана хэнтэй уулзах билээ? Шинэ сонин юм юу байна? Болж байгаа үйл явдлаас хоцорчих вий?... гээд л асуулт ч ургана даа.

Энэ өглөө сонссон хамгийн сайхан зүйл бол “Монгол улс Сингапурт болж байгаа хүүхдийн олимпоос 2 дахь алтан медалиа авчээ” гэсэн мэдээ байлаа. Аяндаа л баяр төрөөд байх юм. Самсаа шархираад л, Хэний хүүхэд юм бол оо? гэсэн өөриймсүү бодолд эзлэгдээд л. Сайхан юм сонсох ч урамтай юм аа.

Саяхан эхэлсэн ном минь “Нууц” гэдэг нэртэй. Англиар бол “Secret” гэдэг нэрээрээ дэлхий дахинд танигдсан ном л доо. “Надад сайхан байна” гэдэг мэдрэмжийг эндээс л мэдэрч болно. Номыг биш өөрийгөө л уншиж байгаа юм шиг санагддаг шүү. Амьдралын чинь бүжгийг чамаас өөр хэн ч бүжиглэж чадахгүй гэж тунхаглаж байгаа энэ номонд сэтгэлээ өгөөд байгаа. Сайхан ном унших ч гоё шүү.

Үзээд удаагүй байгаа киноны дүр зураг сэтгэлд ургана. Японы “Самрын үр” гэдэг хүүхэлдэйн кино л доо. Үзсэндээ ч харамсаагүй ээ. Хүн байхын утга учир, хүнийг ойлгох ямар гайхалтай юм бэ? Харилцаа хүмүүст ямар их хэрэгтэй юм бэ? Нэгнийгээ бид чинь ойлгохгүй үе байдаг юм байна... гэсэн олон олон хариултыг асуугаагүй байхад л ойлгуулж өгсөн энэ кино. Сайхан кино үзэх ч ухаарал юм байна.

Намрын салхитай орой гэхэд дэндүү дулаахан орой байлаа. Бүтээсэн ажлаа бодсоор гэртээ харих замдаа яагаад ч юм гэгээлэг бодолд хөтлөгдсөөр явлаа. Сэтгэлээ зориулж ажлаа бүтээдэг хүний нэг бардамнал байдаг даа. Өнөөдөр би ямар их юм амжуулваа? Тэр нэг зүйлээс шинэ санаа ч төрсөн дөө, Маргааш юу бүтээх билээ? Мартсан зүйл орхиогүй байгаа?... гэсээр бодол ч үргэлжилнэ дээ.

Ай даа, амьдрал ч сайхан юм аа.

Ширээнийхээ ард ажлаа гялалзуулж суухдаа сэтгэл урьд урьдынхаас илүү хангалуун байхыг анзаарлаа. Үдийн хоолны цаг аль хэдийн өнгөрсөн хэрнээ л юм идэж хараахан амжаагүй байгаа надад өлсөх мэдрэмж төрөхгүй юм. Яагаад гэдгийг би мэдэж байна.

...Хийж байгаа ажилдаа болоод мессеж ирэхийг мэдсэнгүй. Гэнэт л утсаа харсан чинь шалгалтаа өгч байгаа дүүгээс мессеж ирсэн байлаа. Хэлний шалгалт өгч байгаа дүүгийнхээ гуйлтыг би тийм амар мэдэж биелүүлж чадсангүй. Тэгээд Англи хэл мэддэг таньж мэддэг хүн рүүгээ залгалаа. Хэн нь ч утсаа авсангүй. Заримынх нь утас салгаастай. Тэгэхээр нь мессенжер хаягт байгаа хүмүүсээс тусламж хүслээ.

Жаахан хүлээж суухдаа хэл сурах минь яалаа ч гэж бодох шиг, мэдэхгүйдээ бантан дүүгээсээ ичмээр ч юм шиг. Удаж удаж нэг хариу ирлээ. Яаран байж нөгөө орчуулгыг мессежээр явуулсан чинь дүү шалгалтаа өгөөд дуусчихсан байлаа.

Өөрийн эрхгүй “Өө!” гэж дуу алдсан шүү. Гэхдээ тэрхэн хоромд маш том урам мэдэрсэн. Бараг 10 минутын хооронд хичнээн хүнээс тусламж хүсвээ. Тэр тоолондоо дүүгийнхээ шалгалтанд туслах хүсэл оргилж байлаа. Хэдийгээр миний тус хожимдсон ч гэлээ сэтгэл дүүрэн оргиод л. Аливаа зүйлд тэгтлээ анхаарал тавих ийм гоё байдаг гэж яагаад мэдсэнгүй вэ, би? Хааяа биш дандаа ийм мэдрэмж мэдрэхсэн...

Утас дуугарлаа. Сайн мэддэг эгч минь чамд ном авчирсаан, ирээд авчих гэж байна. Хэд хоногийн өмнөөс л “Аугаа их хүмүүсийн 100 түүх” унших гээд захиалчихсан байсан юм. Амьдрал ямар сайхан юм бэ?

Би хэн нэгний төлөө анхаарал тавьж, хэн нэгэн ч бас миний төлөө анхаарал тавьж юм бүхэн сүүн замтай байх юм даа. Энэ зам хаа хүрэхийг мэдэхгүй ч гэсэн энэ замаар сэтгэл амгалан алхана гэдгээ л сайн мэдэж байна.

Өглөө эртийн цэнгэг агаарт хөтлөгдөн алхаж явахдаа яагаад ч юм уужим гэгч нь амьсгаа авмаар санагдлаа. Жаахан цухал төрөөд энэ бодлоо үргээх гэхдээ цэв цэнхэр тэнгэр өөд харлаа. Дээр байгаа тэнгэр дэндүү уудам, бас бүртийх ч үүлгүй. Энэ тэнгэр шигээ л бодол минь уужуу, ухаан цэлмэг явахсан даа.

Сэтгэлээс урсах эх орны бодол дундуур амьдралын өнгө тэр чигээрээ сүлэлдэнэ. Амьдрал хэмээх өргөн далайд өөрийн завиа сэлүүрдэн яваа хүмүүсийн сэтгэлийн мэлмий, ухаарлын үгийг чагнаархан эрэлхийлж яваа минь миний ертөнц.

Цаг үеэ дагасан гэх үг хэллэг хэзээний л байсан мэт эх сайхан хэлтэй минь байр булаалдана уу даа?!... энэ тухай хэн нэгэнтэй хуваалцмаар санагдаж зурвасхан бодлоо хэрэг болгон шүүрч авлаа.

Монгол хүн өсөж торнин хэлд орохдоо “аав аа, ээж ээ!” гэж эх хэлтэйгээ золгодог. Ухаажиж том болохын хэрээр өвөг дээдсээсээ өвлөсөн монгол хэлээ өвч бүрэн эзэмшиж, эх хэлнийхээ шавхагдашгүй баялагийг гайхан биширдэг.

Өнөөдөр улс орон хөгжиж, соёлжиж байгаа гэх боловч үнэндээ үг яриа, харьцааны соёл хичнээн доголдож байгааг та хэдийнээ анзаарсан л байх.

“Сайн байна уу?” гэж мэндлэхийн оронд явуут л “Сайн уу?” гэх нь нэг л хайнга сонсогдоно. Тэгээд бас үе тэнгийнхэнтэйгээ мэндлэхдээ арай соёлтой мэндэлж байгаа бололтой “Hi, Hello” гэчихээд тун маадгар зогсоно.

Хэдэн найзууд ноцолдон нэгнээ шоглож байхад дургүйцсэн нэг нь зайлаач ээ гэж чанга дуугарна. Үнэндээ “зайл” гэдэг үгийг монголчууд нохойдоо ч цөөхөн хэлдэг шүү дээ.

Үеийн охидын амнаас “хошгоруулах” гэдэг үг зугаатай нь аргагүй унана. Ах минь анд явахдаа “тарвага хошгоруулна” гээд алиа салбадай хувцас өмсөөд явдагсан. Гэтэл одоо “хүн хошгоруулна” гэдэг үгийг сонсоод инээд хүрэх биш эмзэглэл төрнө.

Ном унших биш, телевиз үзэж, фм сонсож интернет компьютер ашиглах болсон залуус эх хэлнийхээ яруу утгыг төгс төгөлдөр эзэмшээгүй нь өнөөдрийн үнэн.

Харь орны хэл соёлыг сурч байгаа нь бахархууштай боловч төрлөх хэл соёлоо огоорч байгаа бодит байдлыг харан толгой сэгсрэх настнууд олон.

Ингээд бодоод үзэхээр бид өөрсдөөсөө алдаагаа хайх цаг болжээ. Бусдын хэлэх үгийн хэв маягийг биш, өөрийнхөө хэлэх үгийн зөв бурууг анзаарч дүгнэлт хийн өөдөлж дэвжих амьдралдаа эх сайхан хэлээ цэвэр авч явах нь бидний ухаанаас хамаарах билээ.

Сайнаасаа илүү мууг нь түрүүлээд бодчихдог араншингаа даган нийгмийн үйл явдлын гажуудал болсон эх хэлнийхээ тухай бичсэн нь энэ. Магадгүй муугаасаа илүү сайн нь мөнхөрдөг жамаар эх хэлээ хайрлан хамгаалсан хүн асар олон гэдэгт итгэж, өөрөө ч бас тэдний нэг байхсан гэж хичээж явна.

Ёс жаягаа даган хүндэтгэл бишрэлийн үг хэлдэг Монгол түмний минь төрөлх хэл утга төгс, уянга яруу гэдгийг нотлон суу билигт их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Өсөхөөс сурсан үндсэн хэл мартаж болшгүй соёл мөн” гэж бичсэн билээ.

Буруу ярьж байна гэж халаглан толгой сэгсрэхийн оронд будилж төөрсөн ухаанд нь зөв үг хайрлаарай хүмүүс ээ! Эх орноо хайрлах сэтгэлээс ижий аав, амраг саднаа хайрлах итгэл төрж хүн гэдэг амьтан үргэлж хүсэн тэмүүлж явдаг. Тэгвэл энэ хүсэл тэмүүлэлтэй минь хамт эх сайхан хэл минь ямагт зүрхэнд оршино.

Нэгэн тэнгэрийн дор амьдарч яваа бидний хүсэл сэтгэлийн орон зайд төрлөх хэл минь үүрд шингээстэй байхын өлзий дэмбэрэлтэй үгээр энэхүү эргэцүүллээ өндөрлье!

... Гэгээн аялгуу зүрхнээ зүсэрч, нэг л мэдэхүй санахын гэгээнд хүүгээ үгүйлэн ээж хүний амгалан бодлоо сэрвэлзүүлэнхэн суулаа. Гадаа дулаараад жаахан хүүхдүүдийн дуу шуугиан энд тэндгүй сонсогдож байхад хүүгээ санахгүй байж яаж чадах билээ. Хайр оршсон зүрхнээс минь гэгээн аялгуу улам тунарч байна. Ийм үедээ л би амьдралыг өөр өнгөөр хардаг.

Гудамжинд суугаа жаахан хүүгийн гарын алган дээр юу ч алга. Нзд нь юуг ч юм нэхээстэй... Харин бид анзаарах ч үгүй хажуугаар нь өнгөрнө. Миний хүүхэд биш ээ! гэх сэтгэхүй бидний тархинд шингэчихээд гудамжинд алга тосон суугаа халтар хүүхдүүдийг нэг нүдээрээ ч харахгүй. Аймаар ч юм шиг...

Дагуулаад явах зориг зүрхгүй ч дараа нь бодогдоод зүрх минь ёгаийгээд байдгийг би өөрөөсөө анзаараад гуйлга хийж байгаа хүүхдүүдийг боддог болчихсоон.

Өлссөндөө ч юм уу? ядарсандаа ч юм уу алгаа тосохоо мартаад үүрэглэн суугаа хүүгийн өмнө би буруутай ч юм шиг санагддаг. Ямар аав ээжээс хүн болоод хувь заяатайгаа эвлэрээ юм бол гэж хүүгийн өмнөөс бодох гээд шаналанд эзлэгддэг.

Тэдэнд тусалж чадах юм шиг л... Яаж вэ? Гэж өөрөөсөө асуулаа. Хүүхдийн тухай бодох тоолондоо “хайр”-ын тухай эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэлмээр болдог. Хүн хичнээн ядуу байсан ч хайраар ядуу явж болохгүйг ойлгуулмаар ч юм шиг.

“Хэцүү” гэдэг үгэнд их олон зүйл багтана. Гэвч амьдралаас олж хардаг хамгийн хэцүү зүйл нь элэг дорой хүүхдүүдийн инээмсэглэл дутуу царайг харах л юм шүү! Амьдралд аав ээж болсон бол зөв тэгш алхаарай.

Чиний буруу гэж хэлэхээсээ өмнө өөрийгөө нэг цэгнэмээр санагддаг. Хайраар дутаалаа гэж сургахын оронд хайраа би өглүү дээ гэж ухаармаар болдог.

Би л хүүгээ хайрлавал нийгэмд хайраар дутсан хүүхэд олшрохгүй юм шиг сэтгээд ер бусын энэ бодлоо бүх аав ээжүүдэд сонсгомоор санагдаад байна.

Гуньж мэддэггүй хүүхдийн инээд, хайран дундаас л цангинадаг болохоор үр хүүхдээ хайрлаж яваа бүх гэр бүлд аз жаргал хүсье!

Зугтахаа мэддэггүй хүүхдийн нүд нулимсаар дүүрдэг болохоор үр хүүхдээ мартаж яваа бүх аав ээжүүдэд ухаарал хүсье!

... Түрүүхэн уянгалж байсан гэгээн аялгуу үл яльгүйхэн гуниг дагуулчихжээ. Яагаад вэ? гэж хариулт бүү нэхээрэй. Хайран дундаас төрж, хайран дунд амьдарч, хайрыг өөрөөсөө ундрааж хайраа хүүдээ зориулна гэдэг хамгийн том завшаан болохыг мэдэрч байна.

Хүмүүс ээ! Хайраар бүү дутаж яваарай, хайраа битгий харамлаж яваарай. Амьдралын үргэлжлэл та бидний хайрын дулаанд үргэлжлэх болно.

                Хэвлий дэх үрийн өмнөөс бичмээр байна аа...

...Сэтгэл гэгэлгэн болчихлоо. Хаа холоос намайг зориод ирсэн мессеж бодолд оруулчих юм. Охин үртэй залуухан ээж хоёр дахь үрээ хэвлийдээ тээж байгаа юм байна. Хүүхдээ гаргах уу, болих уу? гэж эргэлзээд л... ингэх болсон шалтгаан нь нөгөө л эр хүн. Бас эцэггүй хүүхдүүд гаргалаа гэж ус нутгаараа яригдахаас зовж байна гэнэ.

Тэнхлүүн ухаанаар дутаж яваа харалган залуугийн хэнэггүй зангаас болж шийдвэр гаргаж чадахгүй шаналж яваа бүсгүй хүний амьдрал аа гэж! “Ээж байна аа! гэдэг чинь энэ хорвоогийн дээд алдар юм шүү! Чи энэ эрхээс татгалзах хэрэг байна уу?...” чин сэтгэлийн энэ үгийг тэр бүсгүйд торох юмгүй хэлж чадсан нь би өөрөө ээж байгаад л байх.

Хүүтэй хүн байж яаж “Авхуулсан нь дээр“ гэдэг хүйтэн үгийг хэлж чадах билээ дээ. Угаасаа хорвоод ээж болно гэдэг их юмыг уучлахын нэр юм байна аа. Өр зөөлөн лугшаад олон юмыг ойлгох юм.

Дэлхийг сэрээгээд мэндэлж байгаа жаахан жаахан хүүхдүүдэд буруу гэж юу байна аа? Тэр олон эд эсээс тэмцэж тэмцэж ижий аавдаа ирсэн хайрын ургамалд ус нь байж чадахгүй гэж үү, бид?!...

Өөрөө амссан зовлонгоо хүн сайн мэддэг гэнэ лээ. Тийм болохоор алдаагаа аз гэж бодож яваа олон “эзэнгүй аавууд”-ын төлөө шаналах ер нь дэмий бололтой. Магадгүй “эзгүй ээжүүд” ч энэ амьдралд байхыг үгүйсгэхгүй ээ. Тэднийг гэртээ харь аа, гэж ятгаад ч нэмэргүй. Амьдрал аяндаа ангалын үзүүрт ирэхээр нь аль алинд нь сануулаад өгөх байх.

... Сэтгэл арай тайван болчихлоо. Нэрийг нь л мэдэх танилаас минь ирсэн мессеж надад эмзэглэл өгсөн бололтой. Залуухан ээжийн сэтгэлд хорвоо тэр чигээрээ багтаж байгааг би зөнгөөрөө мэдэрч байна.

“Би хоёр хүүхдийнхээ төлөө амьдарна” гэж итгэл дүүрэн бичсэн сүүлийн мессеж нь намайг тайвшруулсан ч юм билүү хэн мэдлээ? Тийм болохоор нутгийн зондоо ад үзэгдэхээ ч юман чинээнд тоолгүй тээж байгаа үрээ төрүүлнэ гэсэн сэтгэлд нь би талархаж байна аа.

Хорвоо угаасаа хүний нинжин сэтгэл дээр тогтдог шүү дээ! Сүүгээрээ сүлэн байж үрээ өсгөж байгаа энэ ээжийн үрс хайрыг мэдэрч л таараа. Тэгээд хожмын нэгэн өдөр гэрээ эзэнгүй орхисон аавтайгаа таарвал ээжийнхээ өвлүүлсэн хайрыг хамгийн түрүүнд санах байх. Хайрыг нь санаж байгаа болохоор орхиод одсон аавдаа духаа үнсүүлэх гэж тонгойно доо.

Амьдралын аргамжаа тасрахгүй байгаагийн учир хүйгээрээ холбоотой эх үр хоёрын сэтгэлд байдаг юм. Тийм болохоор “эзэнгүй аавууд” олон битгий байгаасай, “эзгүй ээжүүд” бүр тохиолдохгүй байгаасай!

Дэндүү их зүйл хүсэж энэ хорвоод ирээгүй, дэргэд чинь л хайрлуулах гэж хэвлийдээ бүрэлдэж байгаа хайрынхаа ургамалыг тасдаж бүү хаяарай хүмүүс ээ! Хайр гэдэг чинь хүсэхдээ биш өгөхдөө юм шүү. Хайраар амьдарцгаая аа...

Хадаг... нэг л нандин бас хүрч болшгүй дархан эд мэт санагдана. Номин хөх тэнгэрийн өнгөтэй хадаг миний сүсэг бишрэлийг даллах мэт үргэлж нандин байдаг.

Гэвч?!... Хадгийг дээдлэн залж, хүндэтгэвэл зохих үйлд хэрэглэдэг ёс заншил өнөө үед журам горимоо дагаж байгаа билүү? Асуух амархан хэдий ч хариулах тийм ч амаргүй байна.

Бага байхаасаа л бурхны идээг хадгаар ороодог, бурхан болсон хүний зургийн өмнө хадаг тавьдаг гэж ойлгоод тэрхүү зүйлд хүрэхээс ч айдаг байлаа. Хожим арай ухаажиж том болохдоо шинэ айлын хойморт хадаг дэлгээтэйг, шинэлж золгох настангуудад хадаг хүндэтгэн барьдгийг мэдэж билээ. Тиймээс л би “хадаг”-т эмээнгүй ханддаг зүйлийн нэг болсон юм.

Гэтэл одоо?!... Ороо бусгаа нийгмээ дагаад хадаг ч бас үнэ цэнээ алдах нь энэ үү? Замын хажуугийн хөндлөвч мод, гүүрний хашлага... уяж болох бүхий л зүйлд хэн дуртай нь хадаг тавих болжээ. Сүсэг дагуулж, буян аргадаж хадаг тавихдаа мэхийдэг овоо толгод минь хадгаасаа илүү хогонд дарагдах вий дээ!

Цагийн салхинаас илүү шороо тоосонд дарагдан сэмэрсэн хадаг цаанаа л нэг сүргүй. Ямар учиртай замын хажууд хадаг тавьсныг мэдэхгүй ч хүний хөл гишгэж л орхих тэрхэн зайд хадаг хэвтэж байх нь зөв гэж үү?

Нэг удаа би гадуур алхаж явлаа. Айлуудын эгнээ дундуур алхаж явсан болоод ч тэр үү, нэг айл нүдэнд тусах нь тэр ээ! Гаднаас нь ажиглахад мэргэч төлгөч хүмүүс байдаг байх гэсэн бодол өөрийн эрхгүй намайг эзэмдлээ.

Гэвч тэдний гадаа байх модноос модны хооронд хайр найргүй зангидсан олон хадгууд тоос тортог болсныг хараад сэтгэл эмзэглэж сүсэг бишрэл байтугай итгэл минь ч хийсээд одсон. Цаг хугацааны эргэлтэнд онгож гандсан байж болох ч дэргэдүүр нь хөглөрөх хог тэрхүү хадган хэцтэй тун ч тохирохгүй харагдсан шүү.

Зах дээр хадгийг төрөл төрлөөр нь дэлгэж хямдаас нь үнэтэйгээр зааглаж зарна. Олддоггүй ховор эд мэт санагддаг байсан хадаг одоо бол олон хөлийн газар хэрэгцээгээ хүлээж тоосонд дарагдана. Эрт дээр үеэс уламжлан эдийн дээд хадаг гэж хүндэтгэн залж ирсэн зан үйл хүний хөлөөр гишгэгдээд байхад эмзэглэхгүй хүн олон болоо юу даа!

Уг нь хурал номын газартаа л хүний алган дээр очвол хадгийн үнэ цэнэ буурахгүйгээс гадна хүний сүсэг бишрэл хадгандаа шингэж чадах билээ.

ХАДАГ... номин цэнхэр тэнгэрийн өнгөндөө сүсэг бишрэл агуулан энэ л хэвээрээ хүмүүсийн хүндэтгэлд үлдээсэй. Барихдаа хүртэл ёс горимтой хадгийн нугалаас тоос шороонд дарагдахгүй байгаасай.

Асуултаар дүүрэн хадгийн тухай эргэцүүлэл минь хариулт биш хүсэлтээр цэглэгдэх болсон нь үргэлжлэх амьдралын уртад хадаг битгий мартагдаасай гэснийх билээ.

Их хөлгөн судрын хуудас эргэх агшинд ихийг тунгаах хүслэн бодолд бууж ирнэ. Би үзгээ авлаа... Өмнө минь цав цагаан цаас дэлгээтэй байна.

... Даанч дээ! гэж даамай их уур хүрнэ. Дараа нь сайн зүйл ердөө ч үзэхгүй улам л бухимдана. Буруу зөвийг ялгаж өгдөг бурхан хэрвээ дэргэд байсан бол?... гэж бодохуйд аажмаар цухал хулжлаа. Уурлахад бас учир байдаг юм байна.

Хэн нэгэнд гомдтолоо уур хүрсэн ч уучлаад үзэхээр үнэхээр сэтгэл цэлмэх юм. Харин уучлахад амаргүй зүйлд ууч сэтгэлийг өөртөө бий болгоно гэдэг хялбар биш ээ. Ийм үед л хүнд тэвчээр ухаан хоёр хамгийн чухал байдаг.

... Унаа хүлээн зогсоо настай ээж барьсан ачаандаа түүртэн зогсоход нэгэн өсгөлүүн хүү дайрчих шахан өнгөрлөө. Тэр хүүд ээж нь бодогдохгүй байгаа бололтой. Харин барьсан ачаагаа золтой л алдчихаагүй настай ээж цөхрөлийн үг ч биш, бас зэмлэлийн үг ч биш зөвхөн “Өө моньд” гэж дуу алдлаа.

Хүн хүндэлж сураагүй тэр өсгөлүүн хүүгийн занг эгэл ээжийн энэ сүүн эвийлэл зөөллөж, амьдралаа туулах замыг нь зөв тийш чиглүүлсэн байх аа. Ер нь аливаа муу үйл сайны ерөөлөөс давж чадахгүй гэдэг энэ дээ.

... Авахаа биш, өгөхөө урьтдаг хүн чанар минь хаана явна аа? Өгсөн л бол хариу хардаг хачин араншин хаанаас бий болов оо? Нийгэм ийм болсон гээд чүдэнз хүртэл харамлах болсон энэ цаг үед чин сэтгэлийн өглөг далдхан байгааг анзаарах хүн алгаа.

Байхгүйдээ улалзан санаа нь зовдог хүний дуу сулхан байдаг ч сэтгэлд нь өглөгийн үүд нээлттэй байдаг. Байгаадаа бардан сэтгэл нь аархдаг хүний дуу нь чангахан ч итгэлд нь өглөгийн үүд хаалттай байх юм .

Хаалттай өглөгийн үүднээс хүн бүхэн дайжиж холдохыг яаравчлана. Харин нээлттэй өглөгийн үүдэнд хүн бүхэн цугларч орохыг хүснэ. Хүмүүс чуулсан дулаан орчинд л өглөг буян жинхэнээрээ оршдог нь энэ буюу.

... Итгээгүй байж итгэсэн гэж ажиг ч үгүй хэлдэг зусар үгэнд худал дандаа дагаж явдаг. Инээсэн ч, уйлсан ч сэтгэлээ илэрхийлдэг элгэмсүү үгэнд үнэн үргэлж нуугдаж явдаг.

Худал үнэн хоёр айлсдаг юм шиг хэрнээ худал дандаа хоцрох нь ахмадын сургаалд зэмлүүлээд толгойгоо бөхийлгөх залуу мэт санагдана. Харин үнэ цэнээ алдалгүй үнэн үргэлж түрүүлж байх нь яг л аав минь хоймортоо тухлаад гэрээ дүүргэхтэй адил санагдана.

Аливаа бүхэн эсрэг тэсрэг оршин байдаг хорвоод бүхнийг ойлгох ухаан тархинд цугларч ирнэ. Би үзгээ тавилаа...Өмнө минь бичгэн мөртэй эрээн цаас хавтастай байлаа.

БОДОЛ ДАГУУЛСАН СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ ...

2011 оны 06-р сарын 21 Нийтэлсэн Bolormaa

Бороо зүсэрсээр... бодол дагаад л зүсрэх шиг. Гуниглах хүсэлгүй байгаа хэрнээ л дэндүү их ганцаардал мэдрэнэ. Навчис хөглөрсөн моддын дунд зогсож байхсан гэж ямар их хүснэ вэ?...

Хариу нэхэж хайрлаагүй хэрнээ амаргүй цөхрөлийг ганцхан өдөр мэдрэнэ гэдэг надад хэцүү байлаа. Зүрх мэгшинэ гэдгийг тэгэхэд л мэдлээ. Гэсэн ч харуусал өвөрлөмөөргүй байсан, яагаад гэвэл хайрласан болохоор л тэр.

Амьдралын амтыг хэн нэгнээс гуйсангүй ээ, өөрөө л амталж явж чадна гэдэгтээ итгэж байна. Харин энэ амтыг ганцаараа үзмээргүй санагдаад сэтгэлд ивэлсэн тэр нэгэн хайраа өөрөөсөө ургуулж догдолсон.

Тэгээд зүрх өвтгөөд байхаар нь нөмөрт нь тайтгаръя гэхдээ хүүгийнхээ аавыг аяндаа үгүйллээ. Тэр хүн миний байгаа газраас алс яваа юм байна. Ирнэ гэдгийг нь мэдэхгүй хэрнээ одоо л надад хэрэгтэй гэж зүрх нэхээд байна. Яагаад?!... ингэж өөрөөсөө асуулаа.

Хүүгээ бодох тоолонд аавыг нь санадагтаа ч юм уу, хүн хүнээс илүү бие биенээ ойлгоно гэж итгэдэгтээ ч юм уу сэтгэлээ нэг уудалмаар санагдаад байх боллоо. Нулимсаа түүнд хадгалаад ч байгаа юм уу, хүүгээ ярихсан гэж догдлоод ч байгаа юм уу түүний л төрхийг үгүйлж байна.

Ямар сайндаа л бодол дагуулсан өөрийнхөө ертөнцийг тэрлэж суух вэ дээ. Түрүүхэн зангирч байсан бодол уужирч байна. Ойлгохын учиртай амьдралаас өөрийнхөө итгэлийг олдог болохоор өнөөдөр уйлсан ч маргааш инээмсэглэнэ гэдэгтээ эргэлздэггүй ээ.

Удахгүй дурлаад байсан навчис хөглөрсөн цэцэрлэгтээ очно. Тэр үед гуниглэхгүй юм шүү. Өвтгөөд байсан зүрхнийхээ үгийг тэндхийн навчисанд шивнэчихээд бодлын ачаагаа заавал үлдээнэ ээ.

Хэцүү бүхний дэргэд хамт байгаагүй ч үгүйлэх зөнд минь төрх нь дандаа тодордог хүүгийнхээ аавд хэзээ нэгэн өдөр баярлалаа гэж хэлэх болно. Ганцхан өдөр учруулах байсан ч хамаагүй түүнд хайртай гэдэг үгийг харамсахааргүй хэлэх болно.

Яагаад гэвэл бүхэл бүтэн хайрын ертөнц намайг “Ээж ээ!...” гэж баярлаж байна шүү дээ. Бүлээн сэтгэлийг минь өвлөөд өр зөөлөн өсөж торниж байна шүү дээ. Амьдралаас илүү юм нэхэхийн аргагүй гэж хаа нэгтээ сонсож байсан ч юм шиг, үгүй ч юм шиг.

Харин яг одоо бодлын тэнгэр минь гомдлын үүл бүхий л сэтгэлээрээ хайгаад ч олдохооргүй тийм л цэлмэг байна. Амьдралд би хайртай...

БҮСГҮЙ ЗАЯА

2011 оны 06-р сарын 21 Нийтэлсэн Bolormaa

Маргааш чамтай уулзна гэж бодсон чинь нойр хүртэл хулжаад ямар их догдолвоо. Хэрхэн уулзах бол?... Юу гэж хэлэх бол?... Инээмсэглэх болов уу?... Санасан гэж хэлэх болов уу?... Догдлох болов уу?...

Ийм их асуулт зүрх эзэлчихээд заримдаа хацар улайлгаж би гэдэг хүн үнэхээр жаргалтай байлаа. Эргээд бодоход тийм их дурсамж байхгүй хэрнээ ээнэгшүү байх юм аа чамд. Яагаад гэдгийг мэдэх үү? Чи миний хүүгийн аав шүү дээ!

Ганц удаа тэврүүлээд хоносон ч яах вэ? гэсэн зоримог бодол сэтгэлээ дийлж, энэ олон жилийн дараа шөнөжин чамд биеэ зэхэж хонолоо. Холдох байсан ч хамаагүй харамгүй сэтгэлээ зориулж хамтдаа инээж суухсан гэж энэ шөнө хэлэх үгээ нэгд нэгэнгүй санаж суулаа...

Хүссэн өглөө ирлээ. Өөрийгөө толинд олж харахдаа инээмсэглэж, өнөөдөр нэг л өөр байгаагаа мэдэрч байлаа. Хэн нэгэнд энэ тухайгаа хэлж гайхуулмаар ч юм шиг.

Анх удаа түүнийг тоглолт хамт үзэх үү? гэж асуулаа. Харин тэр амжихгүй гэхэд нь жаахан харамссан л даа. Гэхдээ итгэлийн үзүүрт уулзна гэсэн хүсэл тороод байсан болохоор гуниглах зав өгөлгүй найз охинтойгоо тоглолт үзлээ.

Тэр ганц ч удаа залгасангүй, тоглолт дуусахад тэр чигтээ явах гэснээ энэ хүйтэнд хүрээд ирэх вий дээ гэх зовинол юун түрүүнд бодогдоод түүн рүү залгалаа. Хаана байгааг нь асуухад хариулт нь үнэхээр сэтгэлд багтаагүй ээ. Тэгтлээ их завгүй байсан хүн найзуудтайгаа хамт байгааг сонсоод үнэндээ хэлэх үг олдоогүй.

Харих замдаа үг хоолойд зангираад өөртөө л гомдож байсан даа. Дэргэдээ явсан найзынхаа асуултанд хариу ч хэлж чадалгүй нулимсаа залгиж тэр оройны жаварыг жихүүн байна гэж анзаараагүй ээ. Урсах нулимс минь халуун байсан, халгаж ядсан сэтгэл минь хайр байсан, хамт байх гэсэн минь итгэл байсан, хариад утсаа чагнаж байсан минь хүлээлт байсан.

Одоо сэтгэл минь дэндүү чимээгүй л... Харамсах гэж хайрлаагүй болохоор дэргэд минь ирээгүйн төлөө түүнд гомдоод хэрэггүйг өөртөө санууллаа. Хайртай гэж биш баярлалаа гэж хэлэх өдрийг дахин ирнэ гэж өөртөө шивнэлээ.

Зөрүү заяагаа эвлүүлэх гэж би ганцаараа сэтгэлээ эсгэх хэрэггүйг дэндүү сайн мэдлээ. Тийм болохоор түүнийг зүгээр л явуулья. Хүүгийн минь аав гэж дандаа ээнэгшдэгээ больё, хүнээс түрүүнд санаж байдгаа мартъя. Дахиж би найдвар тавихгүй ээ. Таван жил түүнийг өдөр өнжихгүй саналаа гэж хэлэхгүй ч, энэ л таван жилд түүнийг ирнэ гэж итгэл тээж явсан. Хүүтэй хүн л ингэж уучилж, бас тэвчээр гаргадаг юм байна.

Бүсгүй заяагаа зөөллөх гэж түүний ирээгүйг уучиллаа. Элэг бүтэн яваарай гэж сэтгэлийг нь ерөөлөө. Бүлээн байгаа итгэлээ хэн нэгнийг хайрлахад зориул аа гэж өөртөө чанга хэллээ. Битүүхэндээ тэгээд гэгээн инээмсэглэл мэдэрлээ. Бүсгүй хүн бүхэн ийм байдаг байх даа...

Хайраар амьдарцгаая

2011 оны 06-р сарын 21 Нийтэлсэн Bolormaa

...Сэтгэл минь урьд урьдынхаас илүү мэдрэмтгий байх чинь. Гэгээн бодол тунарч, бас уяхан зөн дийлээд нүдээр байн байн нулимс дүүрээд байх юм... Гомдохоор л нулимс гардаг гэсэн өрөөсгөл бодлыг тас цохин хайр мэдрээд байгаа зүрх минь аяндаа мэлмэрч байна. Ингээд энэ гэгээн мэдрэмжээ тэр л чигээр нь хадгалан байж хүүдээ зориулан захидал бичиж байгаа нь энэ.

Сайн байна уу? Миний эрхэм хүү! Ээж нь ажлынхаа өрөөнөөс энэ захидлаа эхэлж сууна. Өглөөхөн хүүтэйгээ утсаар ярьсан болохоор сэтгэл тайван байгаа боловч ээжийнх нь бодол эзгүйрээд жаахан тиймэрхүү байна. Гэхдээ зүгээр ээ, хүүхдүүдээ баярлуулж байгаа ээжүүдийг хараад л эзгүйрсэн байх.

Миний хүү ээжийнхээ сэтгэлийг дуурайгаад өр зөөлөн өсөж байгааг чинь хараад баярладаг. Зөөлөн сэтгэлтэй байхад хожмоо хүн гомдоож явахгүй ээ гэдгийг мэдэж байгаа болохоор л ээж нь ингэж баярласан хэрэг. Хүүхдээ орхиод ниссэн Хөхөө шувууны тухай үлгэр сонсоод уйлснийг нь сонсоод үнэндээ ээж нь хүүгээрээ бахархсан шүү. Яагаад гэвэл, алсдаа амьдралын гүүрэн дээр ухаантай алхаж чадах юм байна гээд бахархсан юм.

Тоонот гэрийн хос багана болж аавтай нь хамт амьдраагүй ч гэлээ “толгой томтой” явж болохгүй шүү гэсэндээ аавынх нь нэрийг хүүгээсээ нуухыг хүсээгүй. Итгэл дүүрэн амьдраасай гэхдээ л ээж нь аавыг нь буруутгалгүй хүндэлдэг юм шүү. Миний хүү том болоод аяндаа ойлгоно доо. Тэр үед аав ээж хоёртоо адилхан хайртай байгаасай гэж ээж нь хүсч байна. Хайраар тэтгэж хүүгээ төрүүлсэн болохоор хэн нэгнийг буруутгах сэтгэл чамд төрөх ёсгүй шүү.

Ээж нь ажил амьдралын гараагаа их сайн эхэлж байгаа. Зургаан сартай хүүгээ өвөө эмээ дээр нь орхиод анх оюутан болж байсан ээж нь одоо их “мундаг” байгаа. “Мундаг” гэдэг үгийг зориуд хэлж байна. Даргадаа магтуулж мөнгө их авсанаар мундаг байдаг гэж миний хүү эндүүрвээ! Ээжийнх нь хувьд хамт олонтой байхын сайхан, ажилдаа дуртай байхын тэмүүлэл... энэ бүгд л “мундаг” гэдэг үгэнд багтдаг юм.

Миний хүү жаахан байхдаа ишиг хургандаа хайртай байдаг шигээ том болоод эх орондоо хайртай хүн болвол зөв замдаа явна л гэсэн үг. Тэр үед ахмад үеэ хүндлэх, бусдыг өөрөөсөө дорд үзэж болохгүй, сэтгэл зөвтэй байхын учир гээд их олон зүйлийг миний хүү анзаарах байх. Ээж аав, элгэн садан нь эх орон гэдгийг миний хүү хамгийн түрүүнд мэдэх болно.

Таван настай хүү минь ээждээ ханагар эр хүн шиг л нөмөртэй санагддаг, амьдрал уудам гэдгийг уужуу ухаардаг болохоор л энэ байх. Магадгүй хорин настай өндөөр хүү болохоор нь миний нялх хүү гэж уруул цорвойно байх даа, амьдрал зөөлөн байдгийг туулж өнгөрөөсөн болохоор энэ байх. Хорвоогийн үргэлжлэл болж хайр дэврээн байгаа ээж хүү хоёрын энэ их жаргалыг олон хүн хараад баярлана даа.

Миний хүү, зөв амьдраарай! Ээжийгээ хараад баярладаг шигээ хүний сайнтай нөхөрлөхөөрөө бахдаж сураарай. Зөөлөн хатуутай хорвоог өөрийнхөө нүдээр харж алхахдаа сайн сайхан үйлстэй гар нийлүүлж урамшиж тэмүүлээрэй.

Миний хүү ээжийнхээ захиаг олон жилийн дараа унших байсан ч хамаагүй ээ, ээж нь өнөөдөр элбэрэлт эх үрсийн баяраар хүүдээ зориулан бичиж байгаадаа хязгааргүй баяртай байна. Хэзээ нэгэн өдөр ээжийнхээ захиаг унших тэр мөчид хүү минь хайр мэдрэх болно гэдгийг ээж нь зөнгөөрөө мэдэж байна.

Ийм их хайр мэдэрсэн юм чинь миний хүү урагшилж, ухаажиж эх орон, элгэн садан, өөрийнхөө амьдралын үргэлжлэлийг дэлхийд дээдэлж амьдраарай. Ээж нь ч бас ингэж амьдрах болно.

Хүүдээ маш их хайртай.

... Сэтгэл минь илүү тайван болчихлоо. Хүүдээ захиа бичсэн болохоор л энэ байх. Сайхан бодол дийлээд өөрийн эрхгүй инээмсэглэж байна. Ийм үед амьдралыг атгаж байгаа юм шиг эрч хүч, урам зориг мэдрэх юм. Хайр ийм л энгийн бас агуу шүү! Эзгүйрч байсан сэтгэл юу ч болоогүй мэт нэг л амгалан болчихлоо. “Хайраар амьдарцгаая!” гэж бүх ээжүүдэд, бас аавуудад хэлмээр санагдаж байна. Хайраас ургаж өндийдөг амин үрсдээ бид чинь нар нь юм шүү дээ.

Эх орны тухай өөрөөсөө асуулаа. Хариулт нь тийм амар орж ирсэнгүй. Магадгүй эргэн тойрны уулс ус, дээр минь цэлийх цэлмэг тэнгэр, эсвэл төрж өссөн нутгаа Эх орон гэж нэрлэж болох л доо. Гэхдээ, миний хувьд энэ бүхнээр эх орноо хязгаарламааргүй байна...

Манай улсын тамирчид 2008 онд олимпоос медаль авахад нэг их баярлаж, бахдаж байснаа санаж байна. Ялангуяа алт, мөнгөн медаль авсан Түвшинбаяр, Гүндэгмаа, Бадар-Ууган, Сэрдамба нарын олимпийн дэвжээнд ялж байсан торгон мөч ойрхон санагдаж байна. Тэгэхэд “Дэлхийн энтэй Монгол!” гэдэг нэрийг тэмцлийн дэвжээнд өндөрт өргөсөн таирчдынхаа хүч чадлаар Монгол хүн бүр сэтгэлээ цалгиасан. Нулимс огшиж, үг олдсон энгүй их баярт эв эеийн уур амьсгал нэгэн зэрэг түгсэн юм. Эх орон гэдэг омогших, бахархах сэтгэлээс илэрдэг юм байна.

Дэргэд зогсож байгаа хоёр залуу шүлсээ байн байн хаяж, бас ч үгүй мөрөө хавчин тун маадгар зогсоно. Бодвол сайхан харагдаж байгаа гэж санаад зөрж байгаа охидод харц унагаад байгаа бололтой. Уг нь сайхан залуучууд байвч олон хүний дунд олон хүний зам дээр шүлсээ хаяж байгаа нь зохимжгүйн дээр соёлгүй харагдаад байлаа. Эх орон гэдэг эмзэглэх, эгдүүцэх сэтгэлээс илэрдэг юм байна.

Эгч дүү хоёр гартаа зайрмаг барин алхана. Эгч нь зайрмагаа задлан цүнхнийхээ урд карманд хийж, харин дүү нь зайрмагныхаа уутыг газар хаях гэхэд эгч нь гарыг барьж авлаа. “Болдоггүй юм аа, миний дүү. Хог хаях нь хамгийн бүдүүлэг зан гэж сургах эгчийнх нь яриа тун хэвлүүхэн юм. Эх орон гэдэг энгийн, баярлах сэтгэлээс илэрдэг юм байна.

Эх орон гэж юу вэ? Ингэж өөрөөсөө дахин асуулаа. Хариулт нь сэтгэлд амархан бууж байна. Харагдах бараатай байгалийн сүр хүчнээс гадна хүний сэтгэлээс бас эх орон ундардаг юм байна.

Биднийг шүлсээ, хогоо хайр найргүй хаяж байхад эх орон ёолж, биднийг баярлаж бахархаж дэвжихэд эх орон омогшиж, биднийг ухаарч сэрж амьдархад эх орон өөдөлж, биднийг бие биедээ эвсэж найрамдахад эх орон минь оршдог юм байна.

Тийм болохоор эх орныхоо төлөө цохилох зүрх минь бусдын төлөө цохилдог. Ийм учраас л эх орныхоо элгэн дээр гишгэх алхаа минь ирээдүй өөд зүглэдэг. Эх орон миний, таны, та бидний сэтгэлээс ургадаг болохоор бид эх орондоо төлөх өртэй хүмүүс шүү.